Sunday, July 24, 2011

Иргэний оролцоо

Иргэний оролцоо энэхүү сэдвийн дор өөрийн бэлдсэн илтгэлээ та бүхэндээ хүргэж байна.
Хүн бүр адилгүй хүлэг бүхэн жороогүй гэдэг ардын маань зүйр үр байдаг билээ. Өнөөдөр бид өөрсдийн амьдарч байгаа нийгэмдээ өөр өөрийнхөөрөө үнэлэлт дүгнэлт хийж, бас буримдаж явдаг нь нууц биш ээ. Тийм ч учраас үр хүүхэд хойч үе маань амьдрах энэ л орчин ахуй, цаашлаад нийгмийн амьдарлаа өөдрөг сайхан, баталгаатай байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч, өөрийнхөө чадах тэр л хэлбэрээр өөрийгөө илэрхийлэхээр ирсэн бүсгүйчүүд маань энд цугласан гэдэгт итгэлтэй байна. Энэ ч зөв юм. Үнэхээр зөв. Яагаад гэвэл бид ардчилсан эрх чөлөөт нийгэмд амьдарч байгаа шүү дээ.
Яг өнөөдөр бид эрүүл аюулгүй, сэтгэл амар амгалан амьдарч чадаж байна уу? гэж та бүхэн өөрөөсөө нэг асуугаарай! Тиймээ гэж хариулах хүн бараг л олдохгүй байхаа. Учир нь бидний амьдран байгаа энэ нийгэмд маань ажилгүйдэл дагасан ядуурал нэмэгдэж архидалт гэмт хэргүүд хавтгайрч, өлсгөлөн дутуу гуцуу амьдарлыг дагасан нийгмийн бухимдал газар авч ядуусын арми өдөр өдрөөр хүрээгээ тэлсээр байна.
Ингэлээ гээд бүгдэд хавтгайруулан зүгээр суусны төлөө нь мөнгө тараах биш ээ. Энэ бол яав ч бодлого биш. Иргэний оролцоог бодит утгаар нь дэмжиж албан бус хөдөлмөр эрхлэлтийн үүргээр нийгэмд бий болгосон эдийн засгийн үр ашгаар тооцож төрөөс дэмжих шаардлага байна гэж үзэж байна. Жишээ нь дүүргийн тохижилтийн ажил гэдэг нэрээр жил бүр л бөөн бөөн мөнгө тавиад хийгээд байдаг өнөөдөр хийгээд дараа онд нь бахь байдгаараа л байна. Энд бол жинхэнэ иргэдийн оролцоо үүсгэл санаачлагыг дэмжин иргэдээр хөдөлмөрлүүлээд хөлсийг нь төлдөг энэ л бодлого зохицуулалт хэрэгтэй гэж харж байна. Гэтэл энэ дүүргийн тохижилт нэртэй жил бүр мөнгө устаж үр дүнгүй байгаа ажлыг тухайн дүүргийн иргэдийн үүсгэл санаачлагаар хийвэл тэнд ажлын байр бий болж ядаж өөрөө хийсэн ажлаа хүн сүйтгэхгүй шүү дээ. Мөн хогны асуудал, орчноо ногооруулах зэрэг асуудлуудад иргэдийн сайн санаачлага ажил хийх хүсэл эрмэлзлийг нь төрөөс бодлогоор дэмжиж өгвөл ТББ-ууд иргэдийн оролцооны байгууллагууд чадваржин иргэний оролцоо бодит утгаараа хэрэгжих боломжтой. Энэ мэт олон олон асуудал байна.
Бид хий дэмий уриа лоозон ярихдаа гол нь биш ядаж л иргэд өөрсдийн бичил орчныхоо асуудалд өөрсдөө оролцох боломж нөхцлийг бүрдүүлэх шаарлагатай байна. Үүнийг хийхийн тулд Та бид зөвхөн гэр ажлаасаа илүү гарахгүй өдөр хоногийг өнгөрөөсөөр, бүхнийг бэлэнчилж, өнөөдөр бусдын эрх, маргааш чиний эрх зөрчигдөж байгааг анзаарч тоохгүй байсаар бидний өмнөөс хэн нэгэн гарч ирээд илбийн мэт сайхан болгочих юм шиг харсаар суутал цаг хугацаа биднийг хүлээлгүй хойч үе, үр хүүхэддээ ийм л нэг бараан нийгмийг хүлээлгэж өгөх нь ээ.
Бид өнөөдөр асар өргөн уудам нутаг дэвсгэр, дэлхийн улс орнуудын атаархал төрмөөр газрын баялагтай иим сайхан нутаг дэвсгэрийн эзэд хэмээн өөрсдөөрөө бахархан цээжээ дэлдэх дуртай. Гэвч өнөөдөр баялаг хуваарилалт иргэн бидний оролцоо дутмаг байгаагаас тэгш бус хувиарлагдан баян хоосны ялгаа хирээс хэтэрч, бидэнд холбоотой асуудлыг бидний оролцоогүй бидний нэрлэж сурснаар дээрээс бүхнийг шийдэж байна.
Тэгвэл бид өнөөдөр яах ёстой вэ?
Иргэн бүр өөрсдийн идэвх оролцоогоо нэмэгдүүлье! Өөрсддөө хамааралтай асуудлыг сонирхож, оролцдог байя! Үгээ хэлж суръя! Хүлцэнгүй дорой байдалдаа өнөөдрөөс эхлээд цэг тавья. Тиймээс АН-ын эмэгтэйчүүд бид ажиллаж байгаа салбар бүртээ, өөрийн амьдарч буй бичил орчиндоо өөрчлөлтийг хийж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж нийгмийг соён гэгээрүүлэх үүргээ нэр төртэй биелүүлцгээе гэж та бүгддээ уриалж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.

No comments: