ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛЫН
ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
Үндсэн хууль ба засаглалын хуваарь:
Монгол улсад 70 жил оршин тогтносон социалист чиг баримжаатай, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, нэг нам дангаар ноёрхсон, хүний эрх, эрх чөлөөг хаан боогдуулсан тоталитор дэглэмийг 1990 оны эхээр халж зах зээлийн эдийн засаг бүхий, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийг хөхүүлэн дэмжсэн иргэний ардчилсан нийгэм байгуулахыг зорин эдгээр зарчмыг тунхагласан шинэ ардчилсан үндсэн хуулийг 1992 онд батлан мөрдүүлж эхэлсэн.
Шинэ үндсэн хуулиар Монгол улсын төрийн тогтолцоог дараах байдлаар тодорхойлж Ерөнхийлөгчийн засаглал, Хууль тогтоох засаглал буюу Улсын Их Хурал, Гүйцэтгэх засаглал буюу Монгол Улсын Засгийн Газар, Шүүх засаглал гэсэн засаглалын хуваарийг бий болгосон. Монгол Улсын Ерөнхийлөгч нь Хууль тогтоох болон Гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд шууд оролцдоггүй, илүү билэг тэмдэгийн шинжтэй энхийн цагт ард түмний эв нэгдлийн баталгаа байх, тодорхой зарим бүрэн эрхийн дагуу хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын шийдвэрт хориг тавих, зарим томилгоонд санал оруулах гэх мэтээр засаглалын үйл ажиллагааг тэнцвэржүүлэх, хяналт тавих үйл ажиллагаанд чиглэгддэг.
Хууль тогтоох засаглал буюу Улсын Их Хурал
Монгол Улс нь Парламентын засаглалтай орон гэж тооцогддог. Улсын Их Хурал нь хууль тогтоох, Засгийн газрыг томилох зэрэг бүрэн эрхийг хэнтэй ч хуваалцахгүй дангаар эдлэдэг тул засаглалын эрх мэдлийн үлэмж хэсэг төвлөрсөн гэж ойлгож болно.
Монгол Улс нь төрийн нэгдмэл системд захирагддаг унитар улс бөгөөд засаг захиргааны нэгжүүд /аймаг,сум/-г түшиглүүлэн, сонгогчдын тооны харьцааг харгалзан тогтоосон сонгуулийн 76 тойргоос шууд нууц санал хураалтаар сонгогддог 76 гишүүнтэй нэг танхимтай Парламент болох Улсын Их Хурлыг 4 жилийн хугацаатай байгуулдаг.
Улсын Их Хурал нь хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ хууль санаачлах эрх бүхий субъект болох Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын Их Хурлын гишүүдээс санаачилсан хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дотоод бүтэц болох салбарын чиглэлийн байнгын хороодоор хэлэлцүүлсний дараа нэгдсэн чуулганаар оруулж хэлэлцүүлэн баталдаг.
Улсын Их Хурал нь ихэнхдээ олон намын төлөөлөл орж байгуулагддаг онцлогоос үүдэн улс төрийн намуудын бодлогын мэтгэлцээн, өрсөлдөөний талбар болохын зэрэгцээ төлөөллийн зарчмаа дагаад олон ургальч үзлийг уралдуулах индэр болдогоороо улс оронд ардчилал тогтоох нэг үзэл суртал, нэг намын үнэмлэхүй дарангуйлал тогтоохыг хязгаарлах, улс үндэстний эрх ашгийг хөсөрдүүлж болох шийдвэр, үйлдлийг гаргуулахгүй байх, энэ асуудлаар сонгогч олон нийтийг сэрэмжлүүлэн дэмжлэг авах зэргээр Монгол улдсад шинэ тулгар хөгжиж байгаа ардчилалын үнэт зарчмуудыг төлөвшүүлэх, улс орны тусгаар тогтнол, бие даасан бүрэн эрхт байдлыг бэхжүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэдэг.
Парламентын тогцооны хэлбэрүүд, улс орнуудын жишээ
Улс орнуудад улс төрийн системийн янз бүрийн хэлбэрүүд хөгжиж байдаг. Хаант засаглалтай улс орон байхад, Ерөнхийлөгчийн засаглалтай, Парламентын засаглалтай түүн дотроо хэдэн янзын хувилбар бүхий улс төрийн тогтолцоо оршин байна. Тухайлбал:
Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь Парламентын засаглалтай орон. Гэсэн хэдий ч Төрийн тэргүүн буюу Ерөнхийлөгчийг 5 жилийн хугацаатай холбооны зөвшилцөх хорооноос сонгодог. Холбооны зөвшилцөх хороо нь Бундестагийн гишүүд, түүнтэй тэнцүү тоогоор холбооны улсуудын Парламентаас сонгогдсон гишүүд ордог.
Хууль тогтоох дээд байгууллага нь Германы Бундестаг. Бундестагийн үндсэн үүрэг нь хууль батлах, Холбооны Канцлерыг сонгох, Засгийн Газарт хяналт тавих зэрэг асуудал юм. Бундестагийн гишүүд нь шууд чөлөөт сонгуулиар сонгуулийн тойргуудаас нууц санал хураалтаар сонгогддог. Бундестаг дотор намууд Парламентын бүлэг гэсэн зохион байгуулалтанд ажилладаг хэдий ч гишүүд нь хэнээс ч хараат бус, хуулиар хамгаалагдсан халдашгүй дархан эрхтэй, өөрийн итгэл үнэмшлэлээр шийдвэр гаргадаг.
Бундестагийн даргыг хамгийн олон гишүүнтэй намын Парламентын бүлгээс сонгодог хууль үйлчилч байна. Бундестагийн гишүүд 4 жилийн хугацаатай сонгогддог.
Германы засаглалын нэг онцлог ялгаа гэвэл хуулийг ёсчлох үүрэг бүхий холбооны 16 улсуудын засгийн газрын болон түүний итгэмжилсэн төлөөлөл орсон Бундесрат гэдэг илүү мэргэшсэн байгууллага хууль тогтоох байгууллагын дэргэд ажилладаг байна. Энэ нь Холбооны улсуудын ашиг сонирхолыг хамгаалах үүрэгтэйн дээр зөвшөлцлийн том механизм юм. Бундесратаас 2 удаа ёслоогүй буцсан асуудлаар дундын Зөвшөлцлийн Хороо байгуулж ихэнх тохиолдолд харилцан ойлголцлоор асуудал шийдэгддэг хэдий ч асуудлыг ёсчлохгүй гурав дахь удаагаа буцаах тохиолдол үүсэхэд Бундестаг эцсийн шийдвэр гаргадаг.
Бүгд Найрамдах Солонгос Улс нь Ерөнхийлөгчийн засаглалтай улс бөгөөд Ерөнхийлөгч нь Гүйцэтгэх засаглалаа тэргүүлдэг. Хууль тогтоох дээд байгууллага Үндэсний Ассемблей 273 гишүүнтэй 5-6 суудал тутамд пропорциональ системийн 1 суудал хуваарилагддаг. Өөрөөр хэлбэл мажоратор, пропорциональ систем орсон холимог систем үйлчилж байна гэсэн үг.
Одоогийн үндэсний Ассемблей нь сонгуулийн тойргуудаас шууд сонгогдсон 253 гишүүний суудал, пропорциональ оролцоог харгалзан хуваарилсан 46 гишүүний суудлаас бүрдэж байна. Солонгосын төрийн системийн нэг онцлог нь Ерөнхийлөгч нь Парламентыг тараах эрх эдэлдэг, харин Үндэсний Ассемблей нь Ерөнхийлөгчийн шийдвэрт хориг тавих эрхтэй зэрэг нь засаглалын тэнцвэржилтэнд их нөлөөтэй гэж ойлгогдож байна.
Манай хойд хөрш Оросын Холбооны Улсад дээрх БНСУ-тай нилээд ойролцоо төрийн тогтолцоо үйлчилдэг ба Ерөнхийлөгчийн засаглалтай улс юм. Хууль тогтоох дээд байгууллага болох төрийн Дум нь дээд, доод гэсэн 2 танхимтай үйл ажиллагаагаа явуулдаг. Төрийн Дум нь хууль баталдаг бөгөөд хуулийг Ерөнхийлөгч ёсчилдог. Мөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхэнд Төрийн Думыг тараан сонгууль зарлах эрх байдаг нь Ерөнхийлөгчийн Засаглалын сүр хүч гэж ойлгогддог.
Монгол Улсын Парламентын тогтолцооны эерэг, сөрөг талууд
Шинэ үндсэн хууль батлагдсанаас хойш Улсын Их Хурлын 4 сонгууль болж өнгөрсөн. Энэ бүх хугацааны туршид УИХ-н сонгуулийн хууль болон УИХ-тай холбоотой Үндсэн хуулийн зүйл заалтуудад удаа дараа өөрчлөлт оруулж иржээ. Энэ нь улс төрийн системийн төлөвшил төдий сайнгүй байгааг харуулж байна. Зарим хуульч, судлаачдын нотолж байгаагаар 1992 оны Үндсэн хуулийн зарим агуулга, үзэл санааг эвдсэн өөрчлөлтүүдийг МАХН-ын үнэмлэхүй ноёрхол тогтсон 2001 онд хийсэн явдал нь өнөөгийн Парламентын хямралт байдлын эхлэлийг тавьсан гэж үздэг. Зөрчилтэй дараах асуудлууд маргааны гол сэдэв болж байна. Үүнд:
· УИХ-ын гишүүд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж болно гэсэн өөрчлөлт нь УИХ-ын гишүүдийн дунд Засгийн газрын гишүүн байхын төлөө өрсөлдөн Засгийн газраа ойр ойрхон огцруулах, Засгийн газар нь УИХ-даа захирагдахгүй байх зэрэг засаглалын гажуудлуудыг бий болгосон.
· УИХ-ын Чуулганы хуралдааны ирцийг нийт гишүүдийн гуравны хоёр буюу 51 гишүүнээс доошгүй байна гэснийг хоёрны нэг буюу 39 гишүүний оролцоотой хуралдаж тэдний хагас болох 20 гишүүн дэмжсэнээр хууль батлагдаж байхаар өөрчилсөн нь УИХ-н хариуцлагыг илт сулруулсан, төлөөллийн зарчмыг алдагдуулсан гэж үздэг.
· Чуулганы хуралдаан эхлэх үеийн ирцээр хуралдааныг үргэлжлүүлж хурлыг орхин гарсан болон санал хураалтанд ороогүй гишүүдийн саналыг тухайн асуудлыг дэмжиж байгаагаар тооцно гэсэн УИХ-ын дэгийн тухай хуулийн өөрчлөлт нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдсан шийдвэр гэж шүүмжлэгддэг. Энэ нь цөөнхөө сонсохгүй олонхийн саналыг хүчээр тулган хүлээлгэдэг гажуудлыг бий болгосон.
· Парламентын нам гэдгийг тодорхой хуульчилж өгч чадаагүй, намын төлөөллөөр сонгогдсон УИХ-ын гишүүдийн Парламентын намын болон сонгогчдын өмнө хүлээх хариуцлага тодорхой бус байгаагаас зарим УИХ-ын гишүүд намын харъяаллаа солих /УИХ-ын гишүүн Батаа Эх Орон-МАШСН-аас МАХН-д, УИХ-ын гишүүн Баттулга, Эрдэнэбүрэн нар АН-д элссэн/, намаасаа гарч өөр нам байгуулах /УИХ-ын гишүүн Гүндалай АН-аас гарч АТН, УИХ-ын гишүүн Энхсайхан, Наранцацралт, Сономпил, Батжаргал нар ҮШНам байгуулж өрх тусгаарласан/ зэргээр анх сонгогдсон намын харъяаллаа өөрчилсөн явдал нь мөн өмнөх УИХ-уудын үед гарч байгаагүй гаж үзэгдэлүүд болоод байна.
· Парламентын гишүүдийн ёс зүйн хэм хэмжээг хуульчилж өгөөгүйгээс УИХ-ын гишүүдийн зүгээс хууль зөрчих, дураар авирлах, гэмт хэрэгт холбогдох зэрэг асуудал их газар авсан /УИХ-ын гишүүн Гүндалай, Жаргалсайхан, Одончимэд, Батаа нарын эрх мэдэл хэтрүүлсэн, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй асуудалууд, УИХ-ын дарга Нямдоржийн Үндсэн хууль зөрчсөн асуудал, УИХ-ын бөгөөд ЗГ-ын гишүүн Энхболд, Баяртсайхан нартай холбогдсон Үндсэн хуулийн цэцэд хандсан маргааны асуудал/
· Намын эрх мэдэл Парламентын эрх мэдлээс дээгүүр үйлчилдэг гаж тогтолцоо бүрдсэн. Тухайлбал МАХН-ын Удирдах Зөвлөлийн шийдвэр бүхнээс дээгүүр үйлчилж зөвхөн энэ намын шийдвэр УИХ-ын шийдвэрт нөлөөлдөг, олон ургальч үзэл, зөвшөлцлийн механизм бараг үйлчилдэггүй өрөөсгөл үйл ажиллагаа явагдаж байгаа нь энэ Парламентын бас нэгэн эмгэнэл болоод байна.
· Парламентын дотоодод бий болоод байгаа дээрх хямралууд нь УИХ-ын нэр хүндийг урьд хожид байгаагүйгээр сэвтүүлж, хүмүүсийн дунд Парламентын засаглалаас татгалзан Ерөнхийлөгчийн засаглалаар солих санаархлыг өдөөсөн асуудал, тэмцэл газар авахад хүргэж байгаа нь энэ улс орныг Ардчилалын зарчмаас ухран нэг хүн, нэг үзэл суртлыг шүтсэн дарангуйлагч тогтолцоо руу эргэж буцах бололцоог олгож болзошгүй ноцтой үр дагаврыг бий болгоод байна.
Парламентын бүтэц үйл ажиллагааг боловсронгуй
болгох талаархи санал бодол
Монгол улсад Парламентын засаглал байх нь хамгийн тохиромжтой хувилбар гэж үздэг. Гэхдээ дараахи өөрчлөлтүүдийг хуульд оруулах шаардлагатай гэж бодож байна.
- Засгийн газрын гишүүнээр УИХ-ын гишүүн байж болох хэдий ч бүрэлдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байх.
- Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэхэд Ерөнхийлөгч санал оруулдаг гэхдээ олонхи суудал авсан намаас нэр дэвшигчийг гурваас илүү удаа буцаахгүй. Саналыг гурав буцаасан тохиолдолд УИХ асуудлыг дангаар шийддэг байх. /1998 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди АН-аас нэрийг нь дэвшүүлсэн Да.Ганболдыг 7 удаа буцаасан тохиолдлыг давтахгүй байх/
- Чуулганы ирцийг өндөр байлгах. Хуучин байсан гуравны хоёр ирцийг сэргээх.
- УИХ-ын гишүүн аль нэг намын нэрийн өмнөөс нэр дэвшээд сонгогдсон тохиолдолд гишүүнчлэлээ солихгүй байх. Гишүүнчлэлээ сольсон тохиолдолд бүрэн эрх нь дуусгавар болж нөхөн сонгууль зарлагддаг болгон хуульчлах
- УИХ-ын 60 суудлыг томсгосон тойргоос шууд санал хураалтаар, 16 суудлыг /20 орчим хувь/ намуудын цуглуулсан саналаар пропорциональ системээр намуудын нэрсийн жагсаалтаар хуваарилах, тэгэхдээ дээд, доод гэсэн хоёр танхимын зохион байгуулалтанд шилжүүлж 16 гишүүн нь илүү мэргэшсэн байнгын ажиллагаатай танхим байхаар өөрчлөх /Цэцийн дунд суудлын, их суудлын гэдэг шиг/
- Улс төрийн нам нь байгуулагдсанаас хойш УИХ-ын сонгуульд хоёр удаа оролцоогүй буюу оролцсон 2 удаагийн тохиолдолд сонгогчдын 6 хувийн дэмжлэг авч чадаагүй эсвэл нэг ч УИХ-ын гишүүн гаргаж чадаагүй тохиолдолд намын улс төрийн үйл ажиллагааг зогсоож татан буулгадаг болгон өөрчлөх,
- Тоглоомын нам байгуулж санал хуваах болон зохиомол шахалт дарамт үүсгэн аливаа наймаа, тохиролцооны хэрэгсэл болгон ашигладаг гажуудлыг багасгах, сонгуулийг шудрага бус явуулан сонгогчдын саналыг луйвардах, зохиомол намын нэрээр сонгуулийн хар технологи хэрэглэх, сонгууль зохион байгуулдаг сонгуулийн хэсгийн болон тойргийн хороодыг нэг намын хүмүүсээр бүрдүүлэн /өөр намын хаягтай нэг намын гишүүд/ хяналтаас хөндийрүүлж улмаар хээл хахууль, авилгал ашиглан луйврийн сонгууль явуулдаг тогтолцоог аль болох халах
- УИХ-ын ёс зүйн байдлын кодекс /дүрэм/ батлан мөрдүүлж гишүүдийг сахилагажуулах.
- Үндсэн хуулийн Цэцийг Үндсэн хуулийн шүүх болгон өргөжүүлж дотор нь Цэц, Авилгалтай тэмцэх хороо, Төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйн хороо гэсэн бүтцүүд бий болгох шаадлагатай ба бүтцийг нь Ерөнхийлөгч, УИХ, Дээд Шүүхийн гурван тэнцүү оролцоотой байгуулдаг дээд хяналтын механизм бүрдүүлэх
- Монгол улсын хэмжээнд нутгийн өөрөө удирдах байгууллагуудын эрх мэдлийг хэт сулруулан, засаглалын эрх мэдлийг хэт төвлөрүүлсэн гажуудлыг засч залруулах зэрэг гэж үзэж байна.
2 comments:
Би энийг чинь багшдаа аваачаад өгий тэхүү иймэрхүү юм хийгээд ир гэсэн өнөөдөр хугацаа нь болчоод балраад байнаа за гуйжийн шүү.
нээрээ миний хаяг dao.blogmn.net
Post a Comment